Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Тэтгэвэр, тэтгэмжийн талаарх түгээмэл асуултын хариулт

-Тэтгэврийн зөрүү их байна. Энэ зөрүүг арилгаж болох уу?

 -Тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний авч байсан цалин хөлс, ажилласан хугацаанаас хамааралтай тогтоогддог учраас харилцан адилгүй тогтоогддог. Жишээ нь, нэг ижил хугацаанд тэтгэврээ тогтоолгосон адилхан ажил мэргэжлийн 2 хүний аль олон жил ажилласан буюу шимтгэл төлсөн бөгөөд тэтгэврээ тогтоолгохдоо сонгосон сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 60 сарын цалин нь өндөр байсан хүний тэтгэвэр нөгөөхөөсөө өндөр тогтоогдоно. Тэтгэврийн хэмжээнд гардаг зүй ёсны ийм ялгааг зөрүү гэсэн ойлголттой адилтгаж болохгүй юм. Харин адилхан ажил мэргэжилд ойролцоо цалинтай, ажилласан хугацаа нь ижил хүмүүс тэтгэврээ хэзээ тогтоолгосноосоо хамаараад тэтгэвэр нь зөрүүтэй тогтоогдсон байсан. Ийм зөрүүг багасгах, арилгах үүднээс Засгийн газраас тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа өөрчлөн тогтоож, иргэдийн өмнө тогтоолгосон тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байснаар үндсэндээ энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2014 оны оны 15 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг өөрчилсөн бөгөөд  өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 216000 төгрөг болоод байна.

Гэхдээ 1990 оноос хойш хөдөлмөрийн үнэлэмж буюу цалин хөлсөнд гарсан өөрчлөлттэй холбоотойгоор тэтгэврийн хэмжээ ялгаатай тогтоогдохыг зүй ёсны гэж үзнэ. Тухайлбал, 1990 оноос хойш манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсийг өөрсдөө тогтоодог болсон, түүнчлэн иргэд хэд хэдэн ажлыг давхар гүйцэтгэж, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой болсон зэргээс шалтгаалан ижил мэргэжлийн хүмүүсийн тэтгэвэр ч зөрүүтэй тогтоогдох үндэслэл бий.

-Техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацаа нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хугацаанд орж тооцогдох уу?

-1995 оноос өмнөх Тэтгэврийн тухай хуулиар техник мэргэжлийн сургууль /ТМС/-д суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцдог байсан бол одоогийн мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3.3-т шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заасан хугацаанд ТМС-д суралцсан хугацаа хамаарахгүй юм.

 

-Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон хүн өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсч, тэтгэвэр тогтоолгох бол ямар хөнгөлөлт эдлэх вэ?

 -Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлдэг юм. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд учирсан гэнэтийн эрсдэлийг хүндэтгэн үзэж нийгмийн баталгааг нь хангахад анхаарч байгаагийн илэрхийлэл болж байгаа юм.

-Газрын дор болон хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадууд харьцангуй бага тэтгэвэр авдаг. Үүнд тайлбар өгнө үү?

 -Нийгмийн даатгалын багц хуулийг 1995 онд боловсруулан батлуулах үед тэтгэврийн тогтолцоонд зарим өөрчлөлт орсны нэг нь газрын дор болон хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ажилтны хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр бодох суурь хувь 60 байсныг 45 болгон өөрчилсөн. Гэхдээ энэхүү хуулийн дагуу тэтгэврийг шинэчлэн тооцохдоо урьд авч байсан тэтгэвэр нь буурсан тохиолдолд өмнө тогтоогдсон тэтгэврийг хэвээр нь үлдээсэн учир тухайн үед дээрх нөхцөлөөр тогтоогдсон тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр шийдвэрлэсэн билээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3-т зааснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтны хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу тэтгэврийн наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх одоо ч хэвээр байгаа бөгөөд ажилласан хугацаа нь бага учраас тэтгэвэр нь бага тогтоогддог тал бий.   

-Хөнгөлөлтэй  нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан учраас өндөр насны тэтгэвэр харьцангуй доогуур тооцогдож байна. Энэхүү тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой юу?

 -1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийтдээ 20 жил шимтгэл төлсөн буюу ажилласан хүн тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогынхоо 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр, 20 жилээс илүү ажилласан жил тутамд 1,5 хувийн нэмэгдэл авахаар, өөрөөр хэлбэл ажилласан жил нэмэгдэхийн хирээр тухайн хүний тэтгэвэр өндөр байхаар буюу шимтгэл төлж ажилласан хугацаа, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо хамаарч байхаар зохицуулсан байдаг. Түүнчлэн тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь тэтгэвэр бодох цалин хөлсний хэмжээ юм. Зарим нэг хүмүүсийн хувьд хамт ажиллаж байсан хүмүүс нь өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэсэн өргөдөл ирдэг. Эдгээр хүмүүс нь 1990 оноос хойш хувийн хэвшилд өндөр цалин хөлстэй ажиллаж байгаад өндөр тэтгэвэр тогтоолгосон байж болох юм. Ялангуяа сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 60 сарын цалин өндөр байсан бол тэтгэвэр өндөр тогтоогдох магадлалтай. Тэтгэврийг хуульд заасан нөхцөл болзлын дагуу тогтоодог учир хувь хүний амьдралын бэрхшээл, амьжиргааны түвшинг харгалзан үзэж нэмэгдүүлэх боломжгүй юм. 

-Тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан тохиолдолд тэтгэвэр нэмэгдэх үү?

 -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр авагч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол харъяалах нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргаж, анхны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин, олговроос шимтгэл төлсөн 12 сар тутамд 1,5 хувиар тооцуулан тэтгэврээ нэмэгдүүлж болно.

-Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

 -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Газрын доорхи уурхайн ажил мэргэжил, хоёрдугаар хавсралтаар Хөдөлмөрийн хортой нөхцөл, гуравдугаар хавсралтаар Хөдөлмөрийн халуун нөхцөл, дөрөвдүгээр хавсралтаар Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтыг тус тус баталсан байдаг. Эдгээрээс тухайн хүн өөрийн ажиллаж байсан салбар, ажил мэргэжлээ хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд байгаа эсэх талаар мэдэж, хуульд заасан ажилласан жилийн болон насны болзол хангасан бол тэтгэвэр тогтоолгон авч болно.

-Тэтгэврийн доод хэмжээ хэд вэ?

 -Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 216000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон болно.

-Өндөр насны тэтгэврийг өвлүүлэх, буцаан олгох, гэхдээ зөвхөн эхнэр нөхөрт шилжүүлэх ба тухайн хүн хүсвэл өөрийн асрамждагч хүссэн хүнд нь өгч болох уу?

 -Тэтгэврийн даатгалд төлж буй шимтгэл нь аливаа хүн ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ тэтгэврийн даатгалын санд хувь нэмэр оруулж, өндөр наслах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлийн үед тодорхой нөхцөл болзлыг хангасан бол тэтгэвэр авах эрхтэй байх баталгаа өгч байгаа билээ. Үүнийг хамтын эрсдэлийн буюу эв санааны нэгдлийн зарчим гэж нэрлэдэг болно. Тиймээс тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг буцаан олгох, өвлүүлэх, гэр бүлийн бусад гишүүдэд шилжүүлэх асуудал байхгүй бөгөөд даатгуулагч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй юм. Энэ нь шимтгэлийг буцаан авснаас илүү нийгмийн хамгааллын ач холбогдол бүхий арга хэмжээ болдог.

-Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй хүн бүр авах уу?

 -Ажилгүй хүн бүр авахгүй. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сарын хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч авах эрхтэй. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараахьхувь хэмжээгээр тооцож олгоно.

-Өндөр насны тэтгэврийг ямар аргачлалаар бодож тогтоодог вэ?

 -Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгодог. Үүнээс өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар бодож тогтооно. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Жишээлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал нь:

Даатгуулагч “Э” эрэгтэй, 60 настай, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого нь 60 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр дараахь аргаар бодогдоно.

1/20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр нь 60 000*45%=27 000 төгрөг

2/20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/-д ногдох тэтгэвэр нь 60 000*12 жил*1,5%=10 800 төгрөг

3/Даатгуулагчийн сард авах өндөр насны тэтгэвэр нь 27000+10800=37800 төгрөг болно. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 23
Нийгмийн даатгал гэж юу вэ? Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэ...
2017 оны 12 сарын 25
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинж...
2018 оны 02 сарын 28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.02.28/ арилжааны 7 банкны төлөөлөлтэй уулзаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар санал солилцлоо. Өмнө нь Төрийн болон ХААН банктай харилцан тохиролцож тэтгэврийн зээлийн хүүг буу...
2017 оны 10 сарын 31
Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар анх удаа монгол хүн сонгогдлоо. Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 сарын 23-27-ны өдрүүдэд ...
2017 оны 10 сарын 17
Монгол Улсын Засгийн газрын энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ”-г шинэчлэн баталлав. Энэхүү тогтоолоор Нийгм...
2017 оны 10 сарын 18
Элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 40-65 насны даатгуулагчдыг хамруулах ажлыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны 11 дүгээр тогтоолоор 40-65 насны даатгуулагчдын элэгний В, С вирусийн илрүүлэ...
2018 оны 03 сарын 13
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр /2018.03.13/ эхэллээ. Зөвлөлгөөний нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С....
Сэтгэгдэл