Чиг үүрэг, үйл ажиллагаа

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

Даатгуулагч, ажил олгогч, Засгийн газрын нийгмийн даатгалын үйл ажиллагаанд тэгш оролцох боломж, нөхцөлийг хангаж, нийгмийн даатгалтай холбогдолтой хууль, тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавьж, иргэддээ хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээг чанартай, хүртээжтэй зохион байгуулах, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн даатгалтай холбоотой аливаа асуудлыг нийгмийн даатгалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, хамтын удирдлагын хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэж, гаргасан тогтоол, журам, зөвлөмж, удирдамж, шийдвэрийн хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллана.

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН  ЭРХ

  • Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах асуудлаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

  • Нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой бодлого, арга хэмжээний төслийг хэлэлцэх, зөвшөөрөх, санал өгөх, дүгнэлт хийх;

  • Нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох тогтоол, журам, зөвлөмж, удирдамж гаргах;

  • Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих;

  • Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн технологи, програм хангамж, үйлчилгээний байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид боловсронгуй болгох шийдвэр гаргах;

  • Нийгмийн даатгалын сангуудын чөлөөт үлдэгдлийг үнэгүйдлээс хамгаалах, хуримтлалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулах талаар шийдвэр гаргах;

  • Нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын бодлогыг жил бүр хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж буй Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж, чиглэл өгөх;

  • Нийгмийн даатгалын сангуудын талаар мэдээ, тайлан, судалгааг Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулан авах;

  • Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хийх шалгалтад Мэргэжлийн хяналтын болон аудитын байгууллагыг оролцуулах;

  • Хууль тогтоомжид заасан бусад эрх;

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮҮРЭГ

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд Үндэсний зөвлөлөөс хяналт тавих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

  • Нийгмийн даатгалын сангийн хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, аудит хийсэн санхүүгийн тайланг дараа оны 05 дугаар сарын 25-ны дотор хянан хэлэлцэж, нийтэд мэдээлнэ;

  • Нийгмийн даатгалын бодлого, үйл ажиллагаа, хүний нөөц,  санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон нийгмийн даатгалын байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авах;

  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон Гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, хяналт тавих, иргэд, даатгуулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын асуудлаар ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах арга хэмжээ авах;

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч, иргэд, олон нийтийн байгууллагын идэвхитэй оролцоог хангуулах;

  • Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардагдах арга хэмжээ авах;

  • Үнэ, ханш, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг өөрчлөхтэй  холбоотой саналыг хянан үзэж, дүгнэлт гаргах

  • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг;