Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл

Монгол улс нийгмийн даатгалын тухай багц хуулийг 1994 онд шинээр боловсруулан баталж, засгийн газар, ажил олгогч, даатгуулагч гэсэн 3 талын оролцоотой, зах зээлийн харилцааны жишигт нийцсэн, орлогоороо зарлагаа нөхөж ажиллах даатгалын санг бүрдүүлэн, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хянаж, нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий 3 талын төлөөллөөс бүрдсэн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй байхаар хуульчилсан.

Энэ нь нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудын тэгш оролцоог хангаж, даатгуулагчдынхаа эрх ашгийг хамгаалсан, бие даасан, тогтвортой үйл ажиллагаатай даатгалын байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн оновчтой удирдлагын хэлбэр юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаатай томилдог ба үндэсний зөвлөл нь засгийн газрыг төлөөлсөн 3, ажил олгогчийг төлөөлсөн 3, даатгуулагчийг төлөөлсөн 3 нийт 9 гишүүнтэй, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь хууль эрх зүйн хүрээнд даатгуулагч иргэдийнхээ ашиг сонирхолд нийцсэн тогтоол шийдвэрүүдийг гаргаж, салбарынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашид нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, даатгалын сангуудыг бие даасан тогтвортой байдлаар хөгжих боломжуудыг судлан, хэрэгжүүлэхийн төлөө зорилго тавин ажиллаж байна.