НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
Улсын
Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар
зүйлийн 35.17-д “Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй
болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт
үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай
судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрсдэлийн
удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус
мэргэжлийн хороог Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна” гэж заасан байдаг.
Хуулийн энэхүү
заалтын дагуу Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор мэргэжлийн
хорооны ажиллах журмыг баталсан бөгөөд Захиргааны
хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 07 дугаар сарны 16-ны
өдрийн 6904 дүгээрт бүртгүүлснээр энэ тогтоол хүчин төгөлдөр болсон.
Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн
хорооны 9 гишүүнийг томилсон.
Тэгвэл
тус Мэргэжлийн хорооны анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
боллоо. Хуралдааны эхэнд НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч хорооны
гишүүдийг танилцуулж, тус хорооны ажиллах хууль, эрх зүй, журам, хорооны бүтэц
болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэргэжлийн
хорооны ажиллах журмын дагуу хуралдаанаар хорооны даргыг томилох асуудлыг
хэлэлцэж, мэргэжлийн хорооны даргаар эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан гишүүн Д.Далхжавыг сонголоо.
Ийнхүү
нийгмийн даатгалын багц хуулийн томоохон шинэчлэлийн нэг болох нийгмийн даатгалын байгууллагын хуулиар
олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, нийгмийн даатгалын аливаа асуудлаар шийдвэр
гаргахад мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт гаргах анхны
мэргэжлийн хороо үйл ажиллагаагаа эхлүүллээ.