ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХЫГ АРИЛЖААНЫ БҮХ БАНКТАЙ ТОХИРОЛЦЛОО
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.02.28/ арилжааны 7 банкны төлөөлөлтэй уулзаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар санал солилцлоо.
Өмнө нь Төрийн болон ХААН банктай харилцан тохиролцож тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч байсан юм. Энэ удаа нийт тэтгэвэр авагчдын 8,8 хувь нь үйлчлүүлдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай Хамтран ажиллах гэрээ байгуулж, маргаашнаас буюу 2018 оны 3 дугаар сарын 1-нээс нийт тэтгэвэр авагчид сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээл авах боломжтой боллоо.
Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.