Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Даатгуулагчдын
тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг Гэр
бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Үндэсний статистикийн хорооны
санал, Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хорооны
дүгнэлт, зөвлөмжийг үндэслэл болгон 11.34 хувиар хэлэлцэн тогтоолоо. Уг
тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 3 дугаар улиралд зохион байгуулах юм.
Нийгмийн
даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог
2,000,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс,
эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог
3,500,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 4,500,000 төгрөг болгон шинэчлэн
тогтоолоо. Уг тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон
сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг
болгон нэмэгдүүлэв. Уг тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж
мөрдөнө.
Чингис хаан банк ХХК-ийн 2.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгө, Капитал банк ХХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийг тус тус нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрөв.