НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-04-09

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.09/ болж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, үр ашиг болон авлага барагдуулалтын явцын талаарх чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Тухайлбал,

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 2026 онд санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Энэхүү төлөвлөгөө нь даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

- Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн 2026 оны хүүгийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Уг асуудлын хүрээнд сангийн чөлөөт үлдэгдлийг үр ашигтай байршуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

-  Тэтгэврийн нөөц сангийн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох арга замыг хөндлөө.

  Хуралдааны явцад Үндэсний зөвлөлийн гишүүд хэлэлцэгдэж буй тогтоолын төслүүдтэй холбоотой асуулт асууж, тодруулга авсан бөгөөд төслүүдийг эцсийн байдлаар батлах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр санал солилцлоо.