2021 оны 07 дугаар сарын 21-ний хуралдаанаар ажилгүйдлийн журмыг шинэчлэн баталлаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн
2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 тогтоолын хавсралт
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохтой холбоотой асуудлаар нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч, даатгуулагч (иргэн), хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.2.Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь даатгуулагч (иргэн)-ийн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцож олгох, тэтгэмж авч буй иргэн ажилд орсон эсэхэд хяналт тавих, ажилгүйдлийн тэтгэмж авагч мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан тохиолдолд уг сангаас сургалтын зардлыг санхүүжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
1.3.Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага (ажилтан) (цаашид “Хөдөлмөрийн байгууллага” гэх) нь ажилгүй болсон даатгуулагчийг бүртгэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангаж, зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, ажилгүйдлийн тэтгэмж авагчийг түр болон байнгын ажилд зуучлан оруулсан бол мэдээллийг тухай бүрт тухайн иргэний харьяалах нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэнэ.
1.4.Хөдөлмөрийн байгууллага нь шинээр мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдах хүсэлт гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авагчийг ажилгүй болсноос хойш 6 сарын дотор эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамруулах ба эрх бүхий сургалтын байгууллагатай гэрээ байгуулж, сургалтад хамрагдсан ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тоо, сургалтын зардлын гүйцэтгэлийн сар, улирлын мэдээ, тайланг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд харьяалах Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
1.5.Энэ журмын 1.3, 1.4-т заасан ажлыг цахимаар зохион байгуулж болно.
Хоёр. Хамрах хүрээ
2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан “ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа, хөдөлмөрийн насны хүн”-д ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
2.2.Энэ журмын 2.1-д заасан “ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа хөдөлмөрийн насны хүн” гэж Хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй, уг байгууллагаас санал болгосон ажилд ороход бэлэн, ажилгүй хүнийг хэлнэ.
Гурав.Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх
3.1.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
3.2.Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан, цалингүй чөлөө авсны улмаас тухайн сард бүтэн ажиллаагүй боловч ажилласан хугацаанд ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувиар тооцож, нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн бол тухайн сард ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох ба энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангасан бол тэтгэмж авах эрх үүснэ.
Жишээ №1: Даатгуулагч нийт 3 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, үүнээс 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж, 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн даатгуулагч 2021 оны 3 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 10-ыг дуустал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч, 3 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл түүний шимтгэл төлж ажилласан 10 хоног (ажлын)-ийг тухайн сард нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлснөөр тооцох тул түүнд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
3.3.Даатгуулагч ажлаас халагдсан тухайн сардаа бүтэн ажиллаагүй бол түүний ажлаас халагдсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон сарын өмнөх саруудад Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
Жишээ №2: Даатгуулагч нийтдээ 3 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж, ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа халагдсан гэвэл уг даатгуулагч 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх 9 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байх тул түүнд ажилгүйдлийн тэтгэмж тогтоож олгоно.
Жишээ №3: Даатгуулагч 2016-2019 он хүртэл 4 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлж, ажиллаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. (тухайн үед ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй) Харин 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ажилд орж, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа халагдсан гэвэл “сүүлийн 9 сард нь тасралтгүй шимтгэл төлөөгүй” (халагдсан тухайн сард нь бүтэн ажилласан гэж тооцохгүй) гэсэн үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж тогтоож, олгохгүй.
3.4.Даатгуулагч хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд болон уг чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орсноос хойш 9 сар хүртэл хугацаанд ажил олгогч байгууллага, хэлтэс, нэгж нь татан буугдсан, дампуурсан, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байр нь байхгүй болсон зэрэг шалтгаанаар ажилгүй болсон бол тухайн даатгуулагчид хүүхдээ асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр гарсан сарын өмнөх шимтгэл төлсөн хугацаа нь энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
Жишээ №4: Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 8 жил төлсөн, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хүүхдээ 3 нас хүртэл нь асрахаар чөлөө авсан бөгөөд түүний ажиллаж байсан байгууллага нь 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр татан буугдаж, уг даатгуулагчийг мөн өдөр (18/VII)-өөс ажлаас нь чөлөөлсөн гэвэл хүүхдээ асрах чөлөө авсан хугацаанаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сард, түүнээс сүүлийн 9 сард нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн тохиолдолд тухайн даатгуулагч эх ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
3.5.Хүүхэд асрах чөлөөтэй байсан даатгуулагч ажилдаа буцаж орсноос хойш байгууллага нь татан буугдсан, дампуурсан бол ажлаас халагдсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон сарын өмнөх шимтгэл төлсөн хугацаа болон хүүхэд асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр гарсан сарын өмнөх шимтгэл төлсөн хугацааны нийлбэр нь энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангах тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
3.6.Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа даатгуулагчид зөвхөн үндсэн ажлаасаа халагдсан тохиолдолд энэ журмыг баримтлан ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
3.7.Даатгуулагч (иргэн) үндсэн ажлаас халагдсаны дараагийн өдрөөс эхлэн давхар ажиллаж буй аль нэг байгууллагын үндсэн даатгуулагчаар шилжин Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4, 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй.
3.8.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй.
Дөрөв. Ажилгүйдлийн тэтгэмжийг тооцож олгох
4.1.Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож ажилгүйдлийн даатгалын сангаас олгоно.
4.2.Даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг дор дурдсан аргачлалаар тооцож тодорхойлно:
4.2.1.Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тодорхойлохдоо энэ журмын 4.1-д заасан 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг “3”-д хуваах;
4.2.2.Нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо энэ журмын 4.2.1-д заасан сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан шимтгэл төлж ажилласан хугацаа (жил)-нд харгалзах хувь, хэмжээгээр бодох;
4.2.3.Ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тооцохдоо энэ журмын 4.2.2-т заасан нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг сарын ажлын өдрийн дундаж тоо (21.2 өдөр)-нд хуваах;
4.2.4.Тухайн даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг энэ журмын 4.2.3-т заасан ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг 76 өдрөөр үржүүлж тодорхойлно.
Жишээ №5: Даатгуулагч 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, 2021 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 04 дүгээр сард 1 200 000 төгрөг, 05 дугаар сард 1 400 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халагдсан гэвэл түүнд олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг энэ журмын 4.2-т заасны дагуу дараах байдлаар тооцно:
а/Даатгуулагч 16 жил шимтгэл төлж ажилласан тул ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар бодно.
б/Сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дундаж хэмжээ:
(1 000 000 төг +1 200 000 төг +1 400 000): 3 = 1 200 000 төгрөг.
в/Нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
1 200 000 төг х 70% = 840 000 төгрөг.
г/Ажлын нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
840 000 төг : 21.2 өдөр = 39 622.64 төгрөг
д/Даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн нийт хэмжээ:
39 622.64 төг х 76 өдөр = 3 011 320.64 төгрөг.
4.3.Тухайн иргэн ажилгүйдлийн тэтгэмж (76 өдрийн дотор) авч байх хугацаандаа түр ажилд орсон боловч анх тэтгэмж олгохоор тогтоосон хугацаа дуусахаас өмнө ажлаас халагдсан тохиолдолд түүнд үлдэх хугацаанд ногдох тэтгэмжийг урьд авч байсан хэмжээгээр нь үргэлжлүүлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
Жишээ №6: Ажилгүйдлийн тэтгэмж авагч нь ажлын 15 өдрийн тэтгэмж авсны дараа түр ажилд ороод ажлын 20 өдрийн дараа халагдсан гэвэл түүнд ажлын 61= (76-15) өдрийн тэтгэмж олгоно.
Тайлбар1: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т “Даатгуулагч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар болон бусад хэлбэрээр түр ажил, хөдөлмөр эрхэлсэн бол түүний тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож тэтгэмж олгох хугацааг уг ажил, хөдөлмөр гүйцэтгэсэн хоногоор сунгана.” гэж заасан.
Жишээ №7. Ажилгүйдлийн тэтгэмж авагч нь ажлын 5 өдрийн ажилгүйдлийн тэтгэмж авсны дараа түр ажилд ороод ажлын 55 өдрийн дараа халагдсан бол түүнд ажлын 71 өдрийн тэтгэмж олгоно. {71=(76-5)}
Жишээ №8. Ажилгүйдлийн тэтгэмж авагч ажлын 10 өдрийн ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад түр ажилд орж ажлын 65 өдрийн дараа халагдсан гэвэл ажилгүйдлийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохгүй.
Тайлбар2: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д ”Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно” гэж, мөн Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/09, А/08 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал”-ын 2.15.4.2-т “Цалин хөлстэй түр ажиллагч гэж хөдөлмөр эрхлэх хугацаа нь 3 ба түүнээс дээш сараар хязгаарлагдсан буюу тодорхой хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм” гэж, 2.15.4.3-т “Цалин хөлстэй тохиолдлын ажиллагч гэж ажлын тогтсон цаггүй, хөдөлмөр эрхлэлт нь 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарлагдсан буюу богино хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм” гэж тус тус заасныг үндэслэн ажлын 63.6 (3 сар*21.2 өдөр) өдрөөс дээш хугацаагаар ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохгүй гэж ойлгоно.
4.4.Энэ журмын 3.2, 3.3-т заасан тохиолдолд болон ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу ажилтандаа сул зогсолтын олговор олгосон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тодорхойлохдоо тухайн даатгуулагчийн сүүлийн З сард бүтэн ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэн тооцно. Хэрэв тухайн сард бүтэн ажиллаагүй боловч ажилласан хоногт ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол энэ орлогыг ажилгүйдлийн тэтгэмж бодох дундаж цалин хөлс, орлогод оруулан тооцохгүй, түүнээс урагш бүтэн ажиллаж авсан сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно.
4.5.Энэ журмын 3.5-д заасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тодорхойлохдоо тухайн даатгуулагчийн сүүлийн З сард бүтэн ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэн тооцох ба ажилд буцаж орсноос хойш цалин авсан нийт хугацаа нь 3 сард хүрэхгүй бол хүүхдээ асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр гарсан сарын өмнөх шимтгэл төлсөн хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно.
4.6.Даатгуулагчид олговол зохих нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 1 өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас бага бол тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь байхаар дараах байдлаар тооцно.
Жишээ №9: Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан сүүлийн 3 сарын цалингийн дундаж 420 000 төгрөг, ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 4 жил гэвэл, даатгуулагчид ажлын 76 өдрийн хугацаанд олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг дараах байдлаар тооцно:
а/ Нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
420 000 төгрөг х 45% = 189 000 төгрөг
б/ Ажлын нэг өдөрт өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
189 000 төгрөг : 21.2 өдөр = 8 915.09 төгрөг
в/ Даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
8 915.09 х 76 өдөр = 677 546.84 төгрөг байна.
Энэ нь тухайн үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас бодсон дүнгээс бага байгаа тул даатгуулагчид 1 129 245.28 (420 000 төгрөг х 75% :21.2 х 76 өдөр) төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг тооцож олгоно.
Тав. Даатгуулагчийн эрх, үүрэг, бусад үйл ажиллагаа
5.1.Ажлаас халагдсан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
5.2.Ажлаас халагдсан (чөлөөлөгдсөн) даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай дор дурдсан баримт бичгийг иргэний үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлэх үүрэгтэй. Үүнд:
5.2.1.Өргөдөл;
5.2.2.Нийгмийн даатгалын цахим дэвтэр;
5.2.3.Ажлаас халсан тухай шийдвэр, хугацаа нь дуусгавар болж буй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон эдгээртэй адилтгах бусад гэрээ.
5.3.Даатгуулагч нь энэ журмын 5.2.2.-5.2.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах хөдөлмөрийн байгууллагад ажилгүй болсноо бүртгүүлж, мэдэгдэх хуудас авна. Хөдөлмөрийн байгууллага нь бүртгүүлсэн иргэний мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагад цахимаар илгээнэ.
5.4.Даатгуулагч энэ журмын 6.1-д заасны дагуу нийгмийн даатгалын байгууллагаас нээсэн тэтгэмжийн хувийн хэрэг, хавсаргасан холбогдох баримт бичиг, тэтгэмж тогтоолттой танилцан гарын үсэг зурж, баталгаажуулах ба тэтгэмжээ арилжааны банк дахь өөрийн дансаар авна.
5.5.Тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон эсвэл тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн, тэтгэмж олголтыг зогсоож, тооцоо хийнэ.
5.6.Түр ажилд орж, дахин ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах өмнө тогтоосон хугацаа дуусаагүй бол энэ журмын 5.2.2, 5.2.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмжээ үргэлжлүүлэн авах эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
5.7.Ажилгүй болсон даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч хүндээр өвчилж асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн лавлагааг бүрдүүлээгүй)-тай бол нотлох баримт бичгийн хамт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад гарган бүртгүүлж болно.
5.8.Даатгуулагч энэхүү журмын 5.2, 5.3-т заасан баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад цахимаар илгээж болно.
5.9.Энэ журмын 3.6-д зааснаас бусад буюу зөвхөн нэг байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа халагдсан даатгуулагч (иргэн) ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.
5.10.Даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмжийн олголтыг нь зогсоосон, хэмжээг нь бууруулсан тохиолдолд энэ талаар нийгмийн даатгалын байгууллагаас тайлбар авах, уг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийгмийн даатгалын дээд шатны байгууллага, шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Зургаа. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа
6.1.Нийгмийн даатгалын байгууллага ажилгүй болсон даатгуулагчийн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт цахимаар эсхүл цаасаар хүлээн авч шалган, хувийн хэрэг нээж, олгох тэтгэмжийн хэмжээг энэ журмын 4.2, 4.3-т заасан аргачлалын дагуу тооцсон талаар даатгуулагчид танилцуулна.
6.2.Даатгуулагчид олгосон тэтгэмжийн хэмжээг сар бүр тэтгэмж олгох тухай мэдэгдэл, ажилгүйдлийн даатгалын сангийн харилцах дансны баримттай тулган шалган, баталгаажуулж, тэтгэмжийн олголтыг түүний хувийн хэрэгт тухай бүр тэмдэглэнэ.
6.3. Хөдөлмөрийн байгууллагатай гэрээтэй, сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий сургалтын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авагчийг мэргэжил олгох буюу давтан сургалтад хамруулан сургаж байгаа хичээл, сургалтын явцад хяналт тавина.
6.4.Нийгмийн даатгалын төв байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж авагчийн мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлж, ажилгүйдлийн тэтгэмж авагчийн ажилд орсон эсэхэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.
6.5.Нийгмийн даатгалын төв байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмж зогсоогдсон мэдээллийг Хөдөлмөрийн байгууллагад тухай бүр цахимаар мэдэгдэнэ.
6.6.Ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон тохиолдолд тэтгэмжийн олголтыг зогсоож, тооцоо хийж, цахим мэдээллийн санд бүртгэн баталгаажуулж, хувийн хэргийг хааж, архивт шилжүүлнэ.
6.7. Ажилгүйдлийн даатгалын сангаас зарцуулах сургалтын зардлын нэг хүнд ногдох дээд хэмжээг сургалт зохион байгуулж буй мэргэжлийн сургалтын байгууллагаас тогтоосон сургалтын төлбөрийн жишгийг баримтлан санал боловсруулж, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.
6.8.Сургалтад хамрагдах хүсэлт гаргасан даатгуулагч сургалтын зардлын төлбөрийн зөрүү (нийт сургалтын төлбөрөөс ажилгүйдлийн даатгалын сангаас олгох хэмжээг хассан дүн)-г төлсөн нөхцөлд сургалтын төлбөл зохих төлбөр (тогтоосон хэмжээгээр)-ийг нэхэмжлэл, холбогдох баримтыг үндэслэн мэргэжлийн сургалтын байгууллагын дансанд бэлэн бусаар шилжүүлж, тооцоо хийнэ.
6.9. Тэтгэмж авч байх хугацаандаа сургалтад хамрагдсан иргэний ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран энэ журмын 6.8-д заасны дагуу шилжүүлсэн сургалтын зардлыг бууруулахгүй байна.
Жишээ №10. Иргэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмжийг авч эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 15-нд тэтгэмж авах хугацаа дуусгавар болно. Тэрээр 10 дугаар сарын 05-ны өдрөөс 3 сарын хугацаатай сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан ба сургалтын нийт зардлын хэмжээ 150 000 төгрөг, уг төлбөрийн 100 000 төгрөгийг уг иргэн өөрөө төлж, даатгалын байгууллага үлдэх 50 000 төгрөгийг хариуцсан гэвэл ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа 10 дугаар сарын 15-ны өдөр дууссанаас үл хамааран нийгмийн даатгалын байгууллагаас шилжүүлсэн өмнөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орохгүй.
6.10.Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн сард ногдох тэтгэмжийг тухайн даатгуулагчийн саналыг харгалзан сард 2 хүртэлх удаа буюу 1 удаа олгож болно.
6.11.Даатгуулагч, тэтгэмж авагчаас гаргасан гомдлыг хүлээн авч зохих хууль, журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
6.12.Нийгмийн даатгалын төв байгууллага нь энэ журмын 1.2, 5.4, 6.1-д заасан болон бусад холбогдох үйл ажиллагааг цахимаар гүйцэтгэх нөхцөлийг хангаж нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага, хөдөлмөрийн байгууллага, даатгуулагч ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Долоо. Ажил олгогчийн үйл ажиллагаа
7.1.Ажил олгогч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд төлж, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тооцоог хийж нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-аар баталгаажуулсан байна.
7.2.Ажлаас халагдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх даатгуулагчтай холбогдох тооцоог хийж дууссан тухай албан ёсны тодорхойлолт гаргаж өгнө.
7.3.Ажил олгогч нь ажлаас халагдсан даатгуулагч (иргэн)-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох байгууллагад бүртгүүлэх болон ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, холбогдох тушаал шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх, нийгмийн даатгалын мэдээллийн санд цахим хэлбэрээр холбогдох мэдээлэл оруулах үүрэг хүлээнэ.
Найм. Хяналт
8.1.Ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмжийн бодолт, олголт, мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан эсэхэд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хяналт тавина.
Ес. Хариуцлага
9.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, даатгуулагч, ажил олгогчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
...оОо...