“ЭРДЭНЭТ СУВИЛАЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-11-10

Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллын сонгон шалгаруулалтыг 2025 онд хоёр удаа зохион байгуулж нийт 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт тавих зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Г.Адьяа, Б.Баяраа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж, Магадлагч эмч Д.Анхбаяр нар 2025 оны 11 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Орхон аймаг болон Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Даатгуулагчид сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эрдэнэт сувилал”-ын удирдлагуудтай уулзаж, сувиллын хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх хүртээмжтэй орчин, сувиллын анхан шатны бүртгэлийн баримт бичиг, статистик мэдээ, мэдээлэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах чиглэлээр үйлчлэх хүрээ, санхүүжих орны тоо, жилд сувилах даатгуулагчийн тоо, санхүүжилтийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй зарцуулж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сувилалд 2025 оны 10 дугаар сарын байдлаар 153 даатгуулагч хүнд 153,840,000 төгрөгийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.