НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛӨӨС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025-10-17

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Ц.Дашдондог, гишүүн П.Баянсан, С.Ариунаа нар нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдад  зөвлөлийн үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолоор анх удаа хараат бус Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалтад хараат бусаар хяналт тавих, сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиглэлээр ажиллаж байгаа юм.

Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш хийсэн томоохон ажлын нэг бол нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хөрөнгийн тооцооллыг хийж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 43.6 тэрбум төгрөгөөр арвижаад байна.