НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-11-08

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордны Үндсэн хууль тэнхимд болж 6 асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар: 

  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бондод хөрөнгө оруулах хөрөнгийн хэмжээг тооцсон тухай танилцуулга
  • “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
  • “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
  • Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загварын танилцуулга
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороо, Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
  • “Урамшууллын хэмжээг тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга

Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.17-д “Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитийн орон тооны бус мэргэжлийн хороог Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй байна” гэж тус тус заасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм, 04 дүгээр тогтоолоор мэргэжлийн хорооны ажиллах журмыг тус тус баталсан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр болж Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийцүүлэн нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, чөлөөт хөрөнгийн удирдлагыг мэргэжлийн, шударга, ил тод болгоход чиглэсэн 2 чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ нь мэргэжлийн хороо болон олон нийтийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг анх удаа баталж, байгуулсан явдал юм.  

Мэргэжлийн хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эрсдэлийн удирдлагын 3, актуар тооцооллын 2, хөрөнгө оруулалтын 2, аудитын 2 гишүүнтэй ажиллана. Харин олон нийтийн хяналтын зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороо, даатгуулагчийг төлөөлсөн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Мэргэжлийн хороо нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын тогтолцоо, хууль тогтоомж, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах зорилготой ажиллана. Тус хороо нийгмийн даатгалын байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, нийгмийн даатгалын аливаа асуудлаар шийдвэр гаргахад мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт гаргах ач холбогдолтой.

Харин олон нийтийн хяналтын зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа улс төрийн болон бусад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэн, хараат бусаар ажиллах, бодит байдалд нийцсэн хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах зорилготой юм.