“ДААТГУУЛАГЧИД СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ” БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙСЛЭЛИЙН СУВИЛЛУУДТАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТАНИЛЦЛАА

2026-05-29

Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сэргээн засах төв болон сувиллуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт тавих зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Г.Адъяа, Б.Баяраа, Р.Сансармаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж, Магадлагч эмч Д.Анхбаяр, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн Нийгмийн даатгалын газрын Магадлагч эмч нар 2026 оны 05 дугаар сарын 08, 12-ны өдрүүдэд гэрээт сувиллуудад ажиллав.

 “Даатгуулагчид сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн Баянгол дүүргийн “Энх-Ундарга”, Баянзүрх дүүргийн “Далд засал”, Хан-Уул дүүргийн “Оргил”, “Интенсивкаре”, Сүхбаатар дүүргийн “Хос шинэст”, Сонгинохайрхан дүүргийн “Номун” сувиллын удирдлагуудтай уулзаж, сувиллын хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх хүртээмжтэй орчин, сувиллын анхан шатны бүртгэлийн баримт бичиг, статистик мэдээ, мэдээлэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах чиглэлээр үйлчлэх хүрээ, санхүүжих орны тоо, жилд сувилах даатгуулагчийн тоо, санхүүжилтийн хэмжээг урьдчилан тооцож, сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй зарцуулж байгаа талаар үйл ажиллагаатай танилцан, чиглэл зөвлөмж өгч, санал солилцов.